Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Тайлан мэдээ НХХЯ-ны 2007 оны үйл ажиллагааны тайлан

НХХЯ-ны 2007 оны үйл ажиллагааны тайлан

И-мэйл Хэвлэх PDF
 Засгийн газраас 2007 оныг “Их бүтээн байгуулалт-Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, уг ажлын хүрээнд  аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хөдөлмөрчдийн идэвхи санаачилгаар 84,6 мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 0.3 пунктээр буурлаа.

Түүнчлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн жил байлаа. Төрийн албан хаагчдын дундаж цалинг 300 мянга, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн нь төрийн болон хувийн секторт ажиллагчдын цалин хөлсний ялгааг арилгах, цалин хөлсний ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын ачаалал, мэдлэг боловсрол, мэргэшлийн түвшинд суурилсан, өндөр ур чадварыг илүү үнэлэх зорилго бүхий цалингийн шинэчлэлийг хийснээр төрийн албыг мэргэшсэн, чадварлаг байлгах чиглэлд тодорхой  хувь нэмэр оруулав.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ч зарчмын зарим өөрчлөлт гарлаа. Иргэдийн хувийн аж ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа хараат бусаар авч явах хүсэл сонирхол мэдэгдэхүйц нэмэгдэж, өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн олон буюу 13,0 мянга гаруй хүн жижиг зээл авсан байна.
Айл өрхөд тус дэм хүргэж, ахмад настнуудад анхаарал халамж тавьсан жил боллоо. Хүүхэд бүрт сар бүр 3,0 мянган төгрөг, улирал тутам 25.0 мянган төгрөг, шинээр төрсөн хүүхэд бүрт 100,0 төгрөг, шинэ гэр бүлд нэг удаа 500,0 мянган төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа 50,0-100,0 мянган төгрөг гэх мэтээр гэр бүл, эх хүүхдэд  чиглэсэн тэтгэмж тусламжид нийтдээ 155,0 тэрбум төгрөг зарцуулсан нь манай төрийн бодлогын үр дүн юм. Ахмадуудын тэтгэврийг удаа дараа нэмэгдүүлж, олон жил ярьсан тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг шийдлээ.

Салбарын гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүний үр шим жирийн иргэдэд бодитой хүрсэн жил байлаа. Үүний нэг илэрхийлэл нь БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ юм. Энэ гэрээний дагуу иргэдийнхээ БНСУ-д төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авч, өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдах боломжийг нээж байгаа нь улсдаа ч, иргэндээ ч давхар ач холбогдолтой чухал арга хэмжээ болов. ОХУ, Унгар, Чех, Турк, Япон улстай уламжлалт хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг гадаад түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллав.

Ийнхүү 2007 он манай салбарын хамт олны хувьд ихээхэн хүчин чармайлт гаргаж, үр дүнд хүрсэн жил болж өнгөрлөө. Дээр дурдсан ололт, нааштай үйл ажиллагааг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дэвшүүлсэн 2007 оны үндсэн зорилт биелсэн гэж үзэж байна.  

Ирж буй 2008 онд манай яам шийдвэрлэвэл зохих олон асуудлыг зорилт болгон тавьж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалт, жижиг зээл, ажилчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах үйл ажиллагаагаар дэмжин тусалж 80,0 мянган ажлын байр шинээр бий болгох ажлыг бусад салбаруудтай хамтран зохион байгуулна.
  Мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний ажиллах хүчний чадамжийг дээшлүүлэхэд онцгой анхаарна.

Нийгмийн даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах талаар бодитой алхам хийнэ.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх болно.

Нийгмийн даатгалын санд ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ буурсантай холбоотойгоор сангийн орлогыг бүрдүүлэх, хамралтын хүрээг өргөжүүлэх шинэ арга барил, хандлагыг төлөвшүүлэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмж, арга хэлбэрийг сайжруулах, ялангуяа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг зорьж байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх нь манай яам, салбарын хамт олон, нийгмийн болон гадаад түншүүд, үйлчлүүлэгчдийн нөр их хөдөлмөрийн үр шим, хамтын ажиллагааны үр дүн байх болно.
 
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ