Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Тайлан мэдээ НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ 100 ХОНОГТ

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ 100 ХОНОГТ

И-мэйл Хэвлэх PDF
Image
Монгол улсын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногт тус яам Монгол улсын ерөнхий сайдын дэвшүүлэн тавьж буй 5 төгөлдөршилийн зарчмуудыг хэрэгжүүлж ажил хэрэг болгох, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн болон даатгалын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт гадаад улс орон болон олон улсын байгууллагуудтай  хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах зэрэг чухал асуудлуудыг төрийн бодлого, стратеги зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлж  байна.

Нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн хүрээнд
”Эх орны хишиг сангийн тухай хууль”-ийн төсөл боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барив.
Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 пунктээр бууруулав
Манай улсын эдийн засгийн шилжилтийн үе дуусч, хөгжлийн үе эрчимжиж  байгаатай холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, өсөлтийг дэмжих ачааллыг багасгах зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг 19 байсныг 10 болгон бууруулах арга хэмжээ авлаа.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан нь аж ахуй нэгж байгууллагын эдийн засгийн чадавхийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллагсадын цалин нэмэгдэх зэрэг сайн үр нөлөөтэй алхам болсон гэж үзэж байна
Мөн Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулиудын төслийг УИХ-д өргөн барилаа. Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгалын хамрах хүрээг өргөтгөх, ажил олгогчийн нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох,  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг тусгасан болно.
Нийгмийн халамжийн тухай багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулав
Нийгмийн халамжийн багц хуулийг шинэчлэн баталж мөрдүүлснээс хойш нилээд хугацаа өнгөрсөн боловч нийгмийн халамжаас үзүүлж байсан зарим төрлийн дэмжлэг туслалцаа өмнөх хүрсэн түвшингээсээ буурсан, тэдгээрийг нөхөх болон орлох  үйлчилгээ хангалттай бус, шинэчлэлийг хэрэгжүүлэх боломж нөхцөл хот болон хөдөөд харилцан адилгүй, шинэчлэлийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл дутмаг зэрэг олон шалтгааны улмаас уг үйлчилгээг хүртэгчдийн зүгээс УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд удаа дараа хандаж энэ хуулийг сайжруулах хүсэлт тавьж байсан юм. Тус яам нь эдгээр санал хүсэлтийг судлан үзэж нийгмийн халамжийн тэтгэвэр болон үйлчилгээнд хамруулах шалгуур үзүүлэлт, нөхцөлт мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэр төрлийг оновчтой болгох зорилгоор “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,  “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, УИХ-аар 2008 оны 1 дүгээр сарын 15-нд батлагдав. Нийгмийн халамжийн олон асуудал энэ хуульд шинээр тусгагдсан болно.
Нийгмийн халамжийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  боловсруулан 2008 оны 1 сард УИХ-аар батлуулсан бөгөөд 2008 оны 3 сараас эхлэн мөрдөхөөр ажиллаж байна  
Нийгмийн халамжийн багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсанаараа нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдаж байсан хөдөлмөрийн чадвараа 50-70 хүртэл хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдаж байсан бүтэн өнчин хүүхэд, ихэр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зэргийг  нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээнд хамруулах болсон нь эдгээр иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нааштай үзүүлэлт болно.
Мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь төрөөс зайлшгүй анхааран туслах шаардлага нийгмийн эмзэг хэсэг мөн боловч тодорхой тусламж, дэмжлэгэд хамрагдахад байнга ядуу, нэн ядуу гэсэн хатуу шалгуур тавьж тусламж дэмжлэгт хамруулахгүй байгаа байдлыг судлан ядуу, нэн ядуу гэсэн хатуу шалгуурыг хасаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг туслалцааг үзүүлэх боломжийг  нэмэгдүүллээ.
1995 оноос цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэдэд буцалтгүй тусламж олгож эхэллээ
 1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэдэд  ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан УИХ-аас  1 сая төгрөгний буцалтгүй тусламжийг олгох асуудлыг шийдвэрлэсэн. Уг арга хэмжээг  улсын хэмжээнд 2008 оны 2 дугаар сарын 15-наас эхлэн Аймаг, нийслэл, дүүрэг, сумын хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан олгож эхлээд байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлын хүрээнд
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын харилцаанд 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн  хөдөлмөр эрхлэлтийн бодлогын арга хэмжээ, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, аж ахуй бизнесийн орчин нөхцөл зэрэг цаг үеийн шаардлагад нийцүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн одоогийн баримталж байгаа үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилж, хамрах хүрээг өргөтгөн зөвхөн ажилгүй иргэдэд бус хүн амын бүлгүүдийн /залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд/ онцлог хэрэгцээнд нийцсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан  үйлчилгээ, арга хэмжээ бий болгох зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг хуулиар  хөдөлмөрийн зах зээлд бие даан оролцох боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулагдсан хөдөлмөр сургалтын төв, аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн тусгай цех, тасгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн сургалтад хамруулах, тэднийг ажилд авсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болов.
 “Ажиллах хүч харилцан солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газрын хоорондын гэрээг Засгийн газраар хэлэлцэв. Энэхүү гэрээний дагуу хоёр тал харилцан ажиллах хүч солилцох боломж нээгдэх бөгөөд ажиллах хүчний ажиллах салбар, тоо хэмжээг жил бүрийн эхэнд хоёр засгийн газар хэлэлцэж тохирох юм.  
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний чуулга уулзалтыг НҮБХХ, ОУХБ-тай хамтран зохион байгууллаа.  Энэхүү чуулга уулзалт нь “Залуучуудад зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх бодит боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн стратеги боловсруулж хэрэгжүүлэх” талаар улс орнуудын тэргүүнүүдийн хамтран шийдвэрлэсэн Мянганы тунхаглалд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж зөвлөмж гаргав.
Хүүхдийн хөдөлмөрийн хууль эрх зүйн орчны олон улсын холбогдох конвенцид нийцэж буй байдал, хөдөлмөр эрхэлж буй болон алслагдмал нутагт амьдарч байгаа хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх стратегийг боловсронгуй болгох чадавхи бэхжүүлэх төслүүдийн гадна хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 798.7 мян. ам долларын өртөг бүхий 16 төсөл, 10 гаруй ажлыг гэрээгээр гүйцэтгэв.

Нийгмийн бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар
 “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-д тусгагдсан “Залуучуудад зориулсан аятай, бүтээмж өндөртэй ажлын байр бий болгох стратеги боловсруулж хэрэгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төлөвлөгөөний төслийг боловсруулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн хөтөлбөрийг ХАС банктай хамтран хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2007 онд 200,0 сая төгрөгийг их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн зориулалтаар 10 гаруй төсөл шалгаруулж 70 гаруй оюутан, төгсөгчдөд хөдөлмөр эрхлэх боломж олголоо.
“Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”, түүнийг 2006-2008 онуудад хэрэгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд албан бус хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны ажлыг Монголын хувийн хэвшлийн ҮЭХолбоогоор гүйцэтгүүлэв. Гэрээний дагуу 741 албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, зохистой түншлэл, бизнесийн талаарх мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж, 17 аймаг, Хархорин, Барс, Нарантуул захуудад ажиллаж буй бизнес эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжуудыг 60.0 мянга гаруй хүнд хүргэж, 3.0 мянга гаруй албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн үйлчилгээний хэрэгцээг судлав.
Малчдын аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд  малчин өрхийн аж ахуйгаа  эрхлэх идэвхи санаачилга, боломжийг нэмэгдүүлэх, залуу малчдад мал маллагааны тэргүүний арга барилыг өвлүүлэх, малчдын  аж ахуйгаа үр ашигтай хэлбэрээр эрхлэн хөтлөхөд туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг малчдад оновчтой хэлбэрээр хүргэхэд чиглэсэн “Малчдын аж ахуй эрхлэлтийг дэмжих”  хөтөлбөрийг боловсруулав. Хөтөлбөрт 4 аймгийн 19 сумын иргэд хамрагдлаа. Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдыг аж ахуйгаа хөтлөх шинэ арга барил, хандлага, эдийн засгийн тооцоотой ажиллах аргад сургах, тэднийг амьжиргааг дээшлүүлэх; тэдэнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний шинэ арга хэлбэрүүдийг бий болгох юм.

Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагч болон төсөвт байгууллагад ажиллагчдын үндсэн цалингийн хэмжээг эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, төсөвт байгууллагын зардлын хэмнэлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр заасныг үндэслэн Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг  2008 оны 1 дүгээр сараас эхлэн 28.5 хувиар нэмэгдүүлэв. Төрийн албаны тухай хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээнээс бусад цалингийн сүлжээ, доод жишигт төрийн албан хаагчийн цалин хөлснөөс төлбөл зохих бүх төрлийн шимтгэлийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийн төрийн байгууллагын төсвөөс нөхөн төлж байсан 80-аас доошгүй хувийг үндсэн цалинд нь шингээн тооцож оруулсан болно. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд 129773 төрийн албан хаагч болон 18712 гэрээт ажилчин хамрагдаж байгаа бөгөөд 2008 оны суурь цалингийн сан 109.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 556.9 тэрбум төгрөг болж төрийн албан хаагчдын дундаж цалин 300.0 мянган төгрөгт хүрсэн болно.
2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сард 108000  /нэг зуун найман мянган/ төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг аттестатчилах  ажлыг эхлүүлээд байна. Аттестатчилалын зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, байдалд судалгаа дүгнэлт хийж, илэрсэн зөрчил, дутагдлын учир шалтгааныг тодруулан арилгуулах, цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ажлын байрны хэвийн нөхцөлийг хангуулахад чиглэж байгаа юм.

Гадаад хамтын ажиллаа, гадаадад ажиллах хүч илгээх асуудал
БНЧУ-д ажиллах хүч гаргах асуудлыг төрийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх талаар БНЧУ-аас Многол улсад суугаа Элчин сайдын яам, НХХЯ-ны хооронд харилцан тохирох, хамтран ажиллах үйл ажиллагааны эхлэл тавигдаад байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд хамтран ажиллах зорилгоор ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам, Монгол Улсын НХХЯ санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярын Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Ажиллах хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж гарын үсэг зурснаар тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч  илгээх боломж бий болов.
Чех болон Унгар улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн, ялангуяа тэтгэврийн даатгалын асуудлыг зохицуулах зорилгоор БНЧУ болон БНУУ-тай байгуулах Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна.


НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ