Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг баталгаажуулах асуудал нь Монгол Улсын төрийн бодлогын салшгүй чухал хэсэг юм.
Ази номхон далайн бүсээс батлан гаргасан “Бивакогийн мянганы хөтөлбөр”-ийн зарчим, үзэл санаанд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 283 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулсан бөгөөд тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх замаар нийгмийн амьдралд идэвхитэй оролцох оролцоог нь нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа ач холбогдолтой.
Хөтөлбөрийн гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэж байгаа бөгөөд 2006-2008, 2008-2012 он хүртэл 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Улсын хэмжээнд 2009 оны статистик тоо мэдээгээр 80796 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь 2008 оныхтой харьцуулбал 4427 хүнээр нэмэгдсэн байна.
Эдгээр иргэдийн 45.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Шалтгаанаар аваад үзвэл 33 хувь нь төрөлхийн, үлдсэн 67 хувь осол, гэмтэл, өвчлөлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь иргэдийн осол гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи зорилтын хэрэгжилтэд МХШҮГ-аас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хүснэгтээр харуулбал:
| Зорилт | I үе шат | Явцын биелэлт | 2009 | |
| Он | 2007 | 2008 | ||
| Биелэлт | 100 | 73.3 | 86.6 | 83.8 |
| 1 жилд 16.6 хувь | 16.6 | 12.2 | 28.2/33.2 | 13.9 |
2009 онд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын үр дүнгийн талаар товч дурдвал: 15 аймгийн эмнэлэг, үзвэр, үйлчилгээ, худалдаа, олон нийтийн болон төрийн үйлчилгээний 70 аж ахуйн нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн дэд бүтцийг байгуулсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй мэдээ мэдээлэл авах боломжийг бий болгон, ном сонин хэвлэл унших, зурагт үзэх, компьютер дээр ажиллах, интернетээс мэдээ мэдээлэл авах, үйл ажиллагааг нээлттэй явуулдаг төвүүд болон брайл үсэг бүхий номын санг байгуулж, брайль бичгийн самбар, шивүүр, цаас зэрэг хэрэгцээтэй зүйлсийг олгосноор тэдний сурч боловсрох эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл хүртэх боломжийг нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд албан байгууллагын нийт ажиллагсдын тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах зохицуулалт хийдэг. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн 3-р заалтын дагуу 25–аас дээш ажиллагсадтай аж ахуйн нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд төлөх нөхөн төлбөрийг Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01-р сарын 28-ны өдрийн 26-р тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувь байхаар шинэчлэн тогтоосныг баримтлан ажиллаж байна. Тус хуулийг хэрэгжүүлэхээр аж ахуйн нэгж байгууллагуудад зохих хяналтыг тавин ажиллаж, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн төрөл бүрийн мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтад 2200 гаруй иргэдийн хамруулснаар ХБИ-ийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүллээ.
Хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор харааны бэрхшээлтэй иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллуулж буй Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн албан бичиг хэрэг хөтлөлтөнд ашиглагдах дугтуй, орон гэргүй, гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгох гэрийн тодорхой хэсгийг тус үйлдвэрт захиалан худалдан авч байх талаар Засгийн газраас 2009 онд төрийн захиргааны байгууллагууддаа чиглэл болгосон. Энэ дагуу албан бичиг хэрэгт ашиглагдах дугтуйг яам, Засгийн газрын харъяа агентлаг, нийслэлийн захиргааны байгууллагын төсвийн ерөнхий менежерүүд тус үйлдвэрт захиалан худалдан авдаг болоод байна. Тус үйлдвэрт нийт 120 хүн ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм.
2009 онд “Нийгмийн халамжийн тухай” хууль, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгож ирлээ.Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тус онд 41100 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр 41400 төгрөгийн тэтгэвэр олгож, нийт 18,5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн бэрхшээлийн шалтгаанаар нь ангилан үзвэл:
Цаашид тус хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны шалгуур, үр дүнг зорилт бүрээр тусгаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР


