Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Тайлан мэдээ Мэдээлэл хяналт, шинжилгээ-үнэлгээний тайлан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдээлэл /2009 он/

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдээлэл /2009 он/

И-мэйл Хэвлэх PDF

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аж байдлыг сайжруулах үйл хэрэгт тэдний оролцоо, эцэг эх, нийгэм, хамт олны хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх цогц, тогтвортой ажиллагаа, зохицуулалтыг хангасан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага буйг харгалзан үзэж, 2006 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 283 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталсан байна.

Уг хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хувь хүн, нийгмийн гишүүний хувьд өөрийн сонголт, үзэл бодол, үнэт зүйлстэй байх, бие даасан аливаа үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх тэдгээрийн чадамж, чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөхиүлэн дэмжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зургаан зорилтын хүрээнд 2006-2009 он, 2010-2012 он гэсэн 2 үе шаттай хэрэгжиж байна.

Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд НХХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газраас хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийдэг бөгөөд тухайн жилд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний хэмжээнд хийгдсэн ажлыг дүгнэж, ололттой талыг нийтэд мэдээлэн, дутагдалтай талыг сайжруулахад чиглэсэн зөвлөмжийг өгдөг.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи зорилтын биелэлтийг хүснэгтээр харуулбал:

Зорилт I үе шат Явцын биелэлт
Он 2007   
2008   
2009
Биелэлт 100 75.0 85.0 86.7
1 жилд 16.6 хувь 16.6 12.5 14.1 43.2/49.8

 

Улсын хэмжээнд 2009 оны статистик тоо мэдээгээр 80796 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд үүнээс 0-16 насны хүүхэд 7809 буюу 9.7 хувь байна.
Тус онд хийгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр тус хөтөлбөрт гарсан үр дүнгээс товч дурдвал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийн тоо нэмэгдсэн;  Хөтөлбөрийн хүрээнд  салбарын  дэмжлэгүүд  нэмэгдэж,  нийгмийн халамжаас  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний эцэг эхчүүдийн  хүртэх хүртээмж, үйлчилгээнд хамрагдах  хүрээ өргөжсөн; Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн халамж үйлчилгээ болон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажил өргөжиж, хамрагдсан хүүхдийн тоо  өмнөх жилээс нэмэгдэж,  тэдний эцэг эхийн оролцоо дээшилсэн  байна. Тухайлбал, Нийгмийн хамгааллын чиглэлээр:

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамжийн сангаас олгодог Протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн тогтоож, НХХ-ийн сайдын 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 24 тоот тушаалаар батлуулан  хэрэгжүүлсэн байна.  Шинэчлэн батлагдсан жишиг үнэнд дижитал сонсголын аппарат хэрэглэх болсон тул энэхүү шинэ үйлчилгээг зохион байгуулах зорилгоор “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сонсголын бууралттай хүүхдэд хөнгөлөлт үзүүлэх тухай” журам батлалаа. Тус үйлчилгээний хүрээнд 29-р тусгай сургуулийн 87 хүүхдэд 158 ширхэг дижитал сонсголын аппарат тохируулж, үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Сонсголын дижитал аппарат олгох болсон нь сонсгол султай иргэд, ялангуяа хүүхдийн сонсголыг сэргээх, тогтворжуулахад ихээхэн ач холбогдолтой бөгөөд аналоги аппарат хэрэглэж байснаас илүү үр дүнтэй  ажил болсон байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхдэд, ялангуяа харааны бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх, тэднийг боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монголын хараагүй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгуулан Брайль ном хэвлэх, орон нутагт хүргэх зардлыг нь нийгмийн халамжийн сангаас олгож,  хараагүй иргэдийг брайль ном хэвлэлээр үнэ төлбөргүй хангах ажлыг зохион байгуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж очих унааны зардалд хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ өсөж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаагийн илрэл юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийн төрөлд тохируулан гар урлал, эсгий урлал, шүрэн урлал гэх мэт төрөл бүрийн сургалтуудад жил бүр хамруулж байгаа нь тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжил олгох замаар амжиргаанд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн НХХЯ-аас 2009 онд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулж “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ ажлын хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн 25333  иргэдэд 14000 төгрөгийн үнэ бүхий хүнсний талоныг сар бүр олгож байгаагаас байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд-3083, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд-120, сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхэд-872 хамрагджээ.

Цаашид дараах асуудлуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна. Үүнд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, үйлчилгээний нэр төрлийг  хөдөө орон нутагт  хөгжүүлэхэд тодорхой  хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлаар статистик судалгааг хөгжүүлэх, салбарын статистикт нарийвчилан тусгах; Хүүхдийн байгууллагын  ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах; Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны шалгуур, үр дүнг зорилт бүрээр тусгаж,  хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой үр дүнгээ өгч байгаа ч дэд хөтөлбөрийг эрчимжүүлэхийн тулд “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний баг” байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн зардлыг жил бүрийн төсвийн төсөлд суулгаж өгөх нь зүйтэй.



МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР