Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн өнөөдөр БНСУ-ын Ямхуу хотын нийгмийн хамгааллын төвийн захирал И Ген Хан болон тус улсад нийгмийн халамжийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ жил Монгол Солонгос хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд нийгмийн хамгааллын салбарт олон талаар хамтран ажиллахын зэрэгцээ ард түмний нийгэм, соёлын арга хэмжээ улам өргөжин хөгжиж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн онцлон хэллээ.
Харин ноён И Ген Хан уулзалтын үеэр хэлэхдээ БНСУ-аас орон гэргүй, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг туршлагатай хүмүүс Монгол оронд айлчилж байгаа нь энэ чиглэлээр цаашид улам ихийг хийж, хүний сайн сайхны төлөө хамтран ажиллахад ихээхэн дэмжлэг болно гэлээ.
Уулзалтын дараа БНСУ-ын төлөөлөгчид НХХЯ-аас орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдүүдийг урлагаар нийгэмшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Хөгжим-хүүхдийн хөгжилд” төслийн үйл ажиллагаатай танилцаж, зарим тусламжийн зүйлсээ гардуулан төсөлд хамрагдсан хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхлоо. Тоглолтын дараа төслийн хүүхдүүдэд сэтгэлийн урам хайрлаж, улам ихийг сурч олон олон тоглолт хийж амжилт гаргахыг хүсч, тодорхой чиглэлээр туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
---оОо---


