Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай Утэ Кумф тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны наймдугаар сарын 24-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Утэ энэ удаагийн айлчлалаар ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, Оюу толгой төсөл болон Дархан хотын Дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлтэй танилцаж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар орон нутгийн иргэдтэй уулзсан талаар мэдээлэл хийсэн. Тэрээр орон нутагт ажиллаж байх үеэрээ уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж буй газруудад гадаад болон монгол ажилчдын хоорондын харьцаа, авч буй цалин хөлс ихээхэн ялгаатай байдал, зарим уурхайн ажилчид долоо хоногийн турш амралтгүй бүтэн цагаар ажиллаж байгаа нь анхаарал татлаа хэмээн онцоллоо.
НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү хэлэхдээ Монгол Улс уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан өнөөгийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажлын байрны зохицуулалтыг оновчтой хийх нь бидний өмнө тулгамдаж буй чухал асуудал болоод байгааг дурдлаа. Тиймээс сүүлийн 20 жилд манай оронд үүссэн боловсролын гажуудлаас болж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бүхэлдээ зогсонги байдалд хүрсэн. Үүнийг сэргээх, хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, монгол ажилчдын авч буй цалин хөлсийг ижил түвшинд хүргэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэх, шаардлага хангасан мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн тулд зарим арга хэмжээг авч эхэлсэн. Уул уурхай, зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сертификат олгох, ажлын байраар хангахад чиглүүлж байна. Иргэдээ ажлын байртай болгох, мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ тэдний нийгмийн хамгааллын олон асуудлыг шийдвэрлэх, тэтгэврийн болоод даатгалын тогтолцоог шинэчлэх, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ажиллаж байгаагаа дэд сайд тэмдэглэн хэлсэн юм.
Монгол орон нүүдлийн аж ахуйгаас уул уурхайд түшиглэсэн хөгжил рүү чиглэж байна. Энэ нь нийгмийн асар том бүтцийн өөрчлөлтийг бий болгож, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж байгаа тул хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон нийгмийн хамгааллын бусад асуудлаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ хатагтай Утэ Кумф илэрхийллээ.
---оОо---


