•  
  •  
  •  
Та энд байна: Home Мэдээ, мэдээлэл Шинэ ОХУ, Монгол Улсын иргэдийг түр хугацаагаар харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар экспертуудын зөвлөлдөх уулзалтын тухай товч мэдээлэл

ОХУ, Монгол Улсын иргэдийг түр хугацаагаар харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар экспертуудын зөвлөлдөх уулзалтын тухай товч мэдээлэл

И-мэйл Хэвлэх PDF

ОХУ, Монгол Улсын иргэдийг тус тусын нутаг дэвсгэр дээр түр хугацаагаар хөдөлмөр эрхлүүлэх тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх экспертуудын уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны санаачлагаар зохион байгуулсан уг уулзалтад ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам, ОХУ-ын Шилжин суурьшилтын албаны төлөөлөгчид Монгол Улсад ирж ажиллав.  

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн тоонд ОХУ-ын иргэд 2 дугаар байр эзэлж, уул уурхай, боловсролын зэрэг салбарын хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулж байна. Харин 2009 онд нийт 46393 Монгол иргэн ОХУ-ын хил нэвтэрч, үүнээс 76.8 хувь нь ОХУ-ын бүртгэлд (3-аас дээш хоног ОХУ-д саатсан иргэд бүртгүүлдэг журамтай) хамрагдсан байна. Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт ихээхэн ач холбогдолтойг харуулж байгаа бөгөөд хоёр улсын иргэдийн эрхийг хангахад чиглэсэн зохицуулалтыг бий болгох нь зүйн хэрэг болоод байна.   

Энэхүү хэлэлцээр нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгүүлэх гэрээгээр хөдөлмөр эрхлэх таатай нөхцлийг хоёр улсын иргэдийн хувьд бий болгож байгаа нь даяаршлын өнөөгийн нөхцөлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон хувь хүний хөдөлмөрлөх эрхийг хангахад түлхэц болох юм.    

Хэлэлцээрийн төсөлд мэргэжил, ур чадварыг харилцан хүлээн зөвшөөрч, холбогдох бичиг баримтын нотолгоог шаардахгүй байхаар тусгасан нь хөрш зэргэлдээ орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлнэ.     

Хэлэлцээрийн төсөлд тухайн ажилтан хүлээн авагч улсын иргэний нэгэн адил мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх боломж олгох нь гадаад улсад шилжин хөдөлмөрлөгчид мэргэжлээрээ ажиллах хязгаарлагдмал боломжийг өргөжүүлж өгнө.

Ерөнхийдөө, гадаадад ажиллаж байгаа ажилчдын эрхийг хангахад чиглэсэн олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөх, хөрш зэргэлдээ орнуудын хооронд ажиллах хүчний асуудлаар хоёр талын гэрээ байгуулснаар сайн үр дүнд хүрч байгаа олон улсын сайн туршлагыг харгалзан ОХУ-тай хоёр талын гэрээ байгуулах нь хоёр улсын нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Экспертуудын энэхүү уулзалтаар талууд Хэлэлцээрийн төслийн талаар зарчмын хувьд санал нэгдсэн бөгөөд төслийн тодорхой 2 зүйлийг тус бүрдээ авч үзсэний дараагаар дахин зөвлөлдөж, эцэслэхээр тохиролцов.


СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР