•  
  •  
  •  
Та энд байна: Home Мэдээ, мэдээлэл Шинэ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

И-мэйл Хэвлэх PDF

НХХЯ-аас Чехийн Засгийн Газартай хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын арга зүйн дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг ур чадвар, бодлогын хэрэгжилтээр дэмжих нь” төслийн Зохицуулах хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр тус яамны хурлын танхимд болж, төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхэллээ.
Төслийн хүрээнд 3 үндсэн зорилтыг хэрэгжүүлэх юм. Үүнд:

  1. 2-4 аж ахуйн нэгж, байгууллага, сургалтын төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын ба ажлын байрны загварыг бий болгох
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажилладаг төр, ТББ, хувийн хэвшлийн болон үйлдвэрчний байгууллагын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх боломж, эрхийн талаар олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх

Дээрх зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрсөлдөх чадвар, цаашдын чиг хандлага, дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох, сургалтын хөтөлбөр, арга зүйг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийн талаарх захиргааны ба статистик бүртгэл, мэдээллийг сайжруулах, сургалтын ба ажлын байрны загваруудыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлахтай холбогдсон зөвлөх үйлчилгээг Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн Хөдөлмөрийн газарт турших зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Төслийг ХЗДХЯ, ЗТБХБЯ, ЭМЯ, БСШУЯамд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж, төслийн үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах юм.

Уг төсөл нь 2010 оны 7 сараас 2011 оны 7 сар хүртэлх хугацаанд нийт 246 ам долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлнэ.

2009 онд Хөдөлмөрийн насны 82,6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 26,4 хувь нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг байна.

Энэхүү үйл ажиллагаанд НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Бээжингийн товчооны захирал Ann Herbert нар оролцлоо.

-оОо-