НХХ-ийн сайд Т.Ганди НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл /ЭЗНЗ/ -ийн чуулганд оролцож байх үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай зөвлөх хатагтай Рейчел Маяанжатай уулзлаа.
Уулзалтын үед сайд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах болон хөдөөгийн залуучуудын хөгжлийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах талаар ярилцаж, эдгээр асуудлаар НҮБ-ын ЭЗНЗ-тэй хамтран ажиллах боломжийн талаар судлан үзэхийг хүсэв. Түүнчлэн манай улсад хүйсээр ангилсан тоон мэдээлэл цуглуулан жендэрийн мэдрэмжтэй үзүүлэлтүүдийг үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрт дүн шинжилгээ хийхдээ ашиглах, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт хийх чадавхи, туршлага бүх шатны төрийн байгууллагад дутмаг байгааг дурдаад энэ чиглэлээр үндэсний чадавхийг сайжруулахад хамтран ажиллахыг хүслээ.
Сайд Т.Ганди НҮБ-ын бүтцэд жендэрийн асуудал эрхэлсэн тусгайлсан байгууллага бий болгох шийдвэрийг ЭЗНЗ-өөс гаргасанд баяр хүргээд, энэ талаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулан хамтран ажиллах стратегиа тодорхойлно гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн сайд манай улсад хүн ам зүйн цонх нээгдэж, нийт хүн амын 65.3 хувь нь 15-61 насны иргэд байгааг дурдаж, хүн амын насны бүтцийн энэхүү тааламжтай үед тохирсон, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд амин чухал болохыг тэмдэглэв.
Хатагтай Маяанжа Монгол Улс НҮБ-ын ЭЗНЗ болон Эмэгтэйчүүдийн аж байдлын комисст гишүүнээр сонгогдсон нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, НҮБ-д Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн байгууллага шинээр бий болж буй түүхэн энэ үед Монгол Улс идэвхтэй хамтран ажиллаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжтой юм гэв. Мөн тэрээр жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудлаар Монгол Улсад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.


