2010 оны 7 сарын 8-ны өдрийн 14:00 цагаас НХХЯ-ны хурлын танхимд “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэх” гурван талт зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтад НХХ-ийн сайд Т.Ганди, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Шадар сайдын зөвлөх, салбарын яамд, харьяа агентлагууд, зарим аймгийн ЗДТГ, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, Монгол улсад 2016 он гэхэд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахтай холбогдсон санал, бодлогын хувилбаруудыг хэлэлцэх юм.
Уулзалтын үеэр 2006 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Захиргааны зөвлөлөөс баталсан 2016 он гэхэд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2010 онд гаргасан ОУХБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхдийн хөдөлмөрийн талаарх дэлхийн илтгэл, 2010 оны 5 сард Голландын Гаага хотноо хуралдсан Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх дэлхийн бага хурлаас баталсан 2016 он гэхэд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах дэлхийн зорилгыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх “Замын зураглал” стратегийн баримт бичгийг тус тус танилцуулна.
Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар Гаага хотноо болсон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх дэлхийн бага хуралд Монгол улсаас НХХ-ийн сайд Т.Ганди, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн.
Дээр дурьдсан “Замын зураглал”-д заасанчилан ОУХБ-ын гишүүн улс орнууд 2016 он гэхэд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг нийгмийн 3 тал зөвшилцөн боловсруулж, хэрэгжүүлэх юм.
Энэхүү 3 талт зөвлөлдөх уулзалтаар Хөтөлбөрийн үзэл баримтлалын талаар санал солилцож, хөтөлбөр боловсруулах гурван талт ажлын хэсгийг байгуулж ажиллах талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
-оОо-


