Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 сарын 28-аас 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд НҮБ-ын эдийн засаг нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд амжилттай оролцсон тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд НХХ-ийн сайд Т.Ганди, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел болон Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
НХХ-ийн сайд Т.Ганди 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-д болсон НҮБ-ын эдийн засаг нийгмийн зөвлөлийн чуулганд оролцож, сайд нарын зөвлөлийн хуралдаанд “Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн чадваржуулах” сэдвээр үндэсний илтгэлээ танилцуулж, бусад салбар хуралдаан болон хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж, хурал өндөр ач холбогдолтой болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн эдийн засаг нийгмийн зөвлөлийн чуулганаар дэлхийн 13 улс орон эмэгтэйчүүдийн хөгжил, жендерийн асуудлаар сайн дурын илтгэлээ танилцуулж холбогдох асуудлаар санал зөвлөмж үнэлгээг өгсөн байна. Япон улс манай илтгэлд өгсөн үнэлгээндээ хүний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалын үүднээс асуудалд цогцоор хандах хэрэгтэйг онцолж байсан бол Чили улс манай улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаарх эрх зүйн орчин хэр зэрэг жендэрийн мэдрэмжтэй болохыг сонирхсон байна.
Цаашид НҮБ-ын бүтцэд эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засаг, хөгжлийн асуудлыг хариуцсан байгууллагыг шинээр бий болгохоор эдийн засаг нийгмийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.
1946 онд байгуулагдсан НҮБ-ын эдийн засаг нийгмийн зөвлөл нь дэлхийн 54 орны төлөөллөөс бүрддэг бөгөөд энэ зөвлөлд тухайн улс орон 4 жилийн хугацаатайгаар сонгогдож олон улсын хэмжээнд нийгэм, эдийн засаг болон хөгжлийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх боломж бүрддэг ажээ.
Хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчид манай улсын сайн дурын илтгэлд ямар ямар асуудлыг тусгасан, бусад улс орнуудад хэрхэн үнэлэгдсэн талаар сонирхсон асуултандаа хариулт авсан юм.
-оОо-


