Өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НХХ-ийн сайд Т.Ганди 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-д болсон НҮБ-ын эдийн засаг нийгмийн зөвлөлийн чуулганд оролцож, сайд нарын зөвлөлийн хуралдаанд “Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн чадваржуулах” сэдвээр үндэсний илтгэлээ танилцуулж, бусад салбар хуралдаан болон хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлсэн талаар мэдээлэл хийлээ.
Цаашид бид ядуурлыг бууруулах асуудалд илүү анхаарч, ядуурлыг 2 дахин бууруулах тухай Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангахын төлөө чармайн ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд хөгжлийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам үр ашигтай болгох нь чухал юм.
Монгол Улсын Ядуурлын түвшин газар зүйн хувьд ихээхэн ялгаатай байгаа бөгөөд ялангуяа баруун аймгуудын нийт хүн амын бараг тал нь ядууралд өртөөд байгаа. Үүний зэрэгцээ энэ жилийн зудад өртсөн хүн ам хотод шилжин суурьшиж хотжилтын тулгамдсан асуудлыг улам хурцатгах төлөвтэй байна.
Тиймээс хүн амын шилжих хөдөлгөөний удирдлагыг сайжруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр НҮБ, түүний дотор Хүн амын сантай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел хэлэхдээ Монгол Улс хөгжлийн төлөвлөлт хариуцсан тодорхой бүтэцийг бий болгох, давхардлыг арилгах, байгалийн гамшигт бэлэн байх талаар Засгийн газрын урт болон дунд хугацааны төлөвлөгөөнд тусгаж ажиллахад анхаарах нь зүйтэй юм. Мөн түүнчлэн НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах ойрын таван жилийн төлөвлөгөөг хийхээр 4 ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ төлөвлөгөөнд залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжил, жендер, шилжилт хөдөлгөөн, хотжилт, нийгмийн анхан шатны үйлчилгээний талаар тодорхой асуудлуудыг тусгаж, хамтран ажиллах бүрэн боломжтой талаар хатагтай Аржентина Матавел онцолсон юм.
Мөн түүнчлэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг гаргаж НҮБ-тай хамтран ажиллахаар болсон тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
-оОо-


