Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕСИЙН ТӨСЛҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАВ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕСИЙН ТӨСЛҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАВ.

И-мэйл Хэвлэх PDF


2010.06.07                                                                                                                                                                                                              Улаанбаатар хот

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2010 оны үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн төслүүдийг сонгон шалгаруулж дуусав.

НХХЯ, ХХҮГ нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг Өдрийн ба Өнөөдөр сонины 4 сарын 14-ний өдрийн дугаар, аймаг, дүүргийн ХХҮХ, ХХҮГ, НХХЯ-ны мэдээллийн самбараар дамжуулан олон нийтэд мэдээлсэн ба  2010 оны 4 сарын 10-наас 5 сарын 5-ны хооронд 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан 1013 төслийг хүлээн авсан. Тэдгээрийн 50 %-ийг Архангай, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймаг, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргээс ирүүлсэн байна.

Эдгээр төслүүдийн эхний шатны сонгон шалгаруулалтыг НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 88 тоот тушаалаар байгуулагдсан НХХЯ, ХХҮГ, Хөдөлмөрийн төв бирж, ХБИ-ийн ТББ-ын төлөөлөл болох 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг,  2 дахь буюу эцсийн шатны сонгон шалгаруулалтыг НХХ сайдын 2009 оны 38 тоот тушаалаар батлагдсан НХХЯ, ХХҮГ, МАОЭНХ, МҮЭХ, ХБИ-ийн ТББ-ын төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Салбар зөвлөл тус тус хийсэн.

Уг хуралдаанаар 2009 оны 10 сарын 20-ноос 2010 оны сонгон шалгаруулалт хүртэл НХХЯ болон ХХҮГ-т ирүүлсэн 79 төслөөс 117.7 сая төгрөгийн өртөг бүхий 37 төслийг, 2010 оны сонгон шалгаруулалтад ирүүлсэн 1013 төслөөс 741.512 сая төгрөгийн өртөг бүхий 355 төслийг 2010 оны 6 ба 9 дүгээр саруудад 2 үе шаттай санхүүжүүлэх шийдвэр гаргаад байна.

Төсөл хэрэгжих цаг хугацааны онцлог байдлыг харгалзан эхний шатанд буюу 2010 оны 6 дугаар сард 275 төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх, аймаг, дүүргийн ХХҮХ-ээс төсөл хэрэгжүүлэгч ХБИ-тэй байгуулах гэрээний загварыг батлахаар мөн шийдвэрлэв. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1724 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн өрхийн гишүүд шинээр ажлын байртай болох урьдчилсан тооцоо хийгдээд байна.

Төсөл хэрэгжүүлэгчид нь Салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн хуваарийн дагуу харьяа аймаг, дүүргийн ХХҮХ-тэй гэрээ байгуулж, түүний дагуу үйл ажиллагааг эхлүүлэх, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх үнэн зөв мэдээллийг уг хэлтэст тогтоосон хугацаанд ирүүлэх юм. Түүний зэрэгцээ ХХҮХ-т албан ёсоор бүртгүүлж, мөн хэлтсээс зохион байгуулах аж ахуй эрхлэлт, бизнесийн ур чадвар олгох сургалтад зайлшгүй хамрагдах үүрэгтэй.

Аймаг, дүүргийн ХХҮХ ба ХХҮГ нь төсөлд хамрагдагчдын овог нэр, регистрийн дугаар, хаяг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, холбоо барих утас зэргийг тодорхой тусгасан мэдээллийн сан байгуулах ба төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг Хөдөлмөрийн зах зээлийн сар, улирал, жилийн тайланд тусгаж, НХХЯ-нд мэдээлэх үүргийг гүйцэтгэх юм.

Харин төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, энэ чиглэлээр НХХЯ-ны холбогдох газар, ХХҮГ-т зөвлөмж, чиглэл өгөх үүргийг НХХЯ-ны Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт Салбар зөвлөлөөс өгсөн.

Сонгон шалгаруулалтын явцад төслийн боловсруулалт муу, хөгжлийн бэрхшээлтэйг илэрхийлэх бичиг баримт зөрчилтэй / хугацаа сунгагдаагүй, хүчин төгөлдөр бус, тодорхой бус байх /, төслийн хөрөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус, нэгж ажлын байрны зардал өндөр, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашиг муу байх зэрэг нийтлэг дутагдал гарч байсан ба Баян-өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймаг, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ХХҮХ-ээс ирүүлсэн төслийн тоо цөөн, шаардлага хангаагүй төсөл олноор ирснийг цаашид анхаарах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн. Мөн цаашид ХЭДС-аас санхүүжигдэж үйл ажиллагаа эрхэлдэг бизнес инкубатор, бизнесийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг ХБИ-ийн бизнесийн ур чадварыг дээшлүүлэх, төсөл боловсруулахад чиглүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.  

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлийг ХХҮГ, харьяа аймаг, дүүргийн ХХҮХ-ээс авна уу.

ТА ШАЛГАРСАН БИЗНЕСИЙН ТӨСЛҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.

2010 ОНЫ 6 ДУГААР САРД САНХҮҮЖИГДЭХ ТӨСЛҮҮДИЙН ЖАГСААЛТ

 


НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР