Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ ЗАДГАЙ ЗАХ ДЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЗАДГАЙ ЗАХ ДЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний “Эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоотой хамтран “Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр Чингис зочид буудалд зохион байгууллаа.
НХХЯ-аас хувийн хэвшилд хөдөлмөр эрхлэгчдийн талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд гудамжинд ил задгай ажил үйлчилгээ эрхлэгчдийн талаархи судалгааг явуулсан юм.
Энэхүү судалгаанд үндэслэн хувийн хэвшил тэр дундаа зах, гудамжинд ил задгай ажил үйлчилгээ эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн даатгал, хөдөлмөрлөх эрх болон бусад асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаагаа тодорхойлох зорилготойгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулав.
"Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ" сэдвээр НХХ-ийн сайд Т.Ганди, “Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлийг Үндэсний “Эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Я.Батцэцэг, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналт” сэдвээр МХЕГ-ын С.Туяа, Ц.Оюунчимэг нар тавьж хэлэлцүүлэв.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, захуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, тэнд ажиллаж буй иргэдийг нийгмийн даатгалд, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчин нөхцөлд ажиллуулах, задгай зах болон  ил задгай талбайд ажил үйлчилгээ эрхлэгчдийн  ажлын байрын нөхцөлд нарийвчилсан үнэлгээ хийх, төрөөс үзүүлдэг зөвшөөрөл, хяналтын тогтолцоог оновчтой болгож, хүнд суртал, чирэгдэл, бичиг цаасны шаардлагыг багасгах Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд улс орны болон хүн ардын аюулгүй байдал, амгалан тайван амьдралд аюул занал учруулж болох худалдаа үйлчилгээг задгай зах, ил задгай талбайд зохион байгуулахыг хориглох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар санал солилцож санал зөвлөмж гаргах юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн ажиллаж, үйлчилгээ үзүүлж буй захуудын аюулгүй байдал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, бизнесээ цаашид өргөжүүлэх, зээл, дэмжлэгт хэрхэн хамрагдах, мэдээллийн болон нийгмийн бусад үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах, хэсэг бүлэг болон бизнесийн хөтөлбөрт хамрагдахад ямар боломж байгаа зэрэг олон асуудлаар зөвлөлдөн ярилцсан байна.
Монгол Улсын нийт ажиллах хүчний 40 хувь нь зохион байгуулалттай салбар буюу албан хэвшилд ажиллаж, үлдсэн  60 хувь нь өрхийн аж ахуй болон хувиараа хөдөлмөр эрхэлж  байгаа гэх судалгаа бий.  Үндэсний статистикийн хорооноос 2010 онд хийсэн “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээр 252.7 мянган хүн хувиараа хөдөлмөр эрхэлж, 117.8 мянган хүн өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцож байгаагийн 80 гаруй хувь нь 25-55 насныхан буюу хөдөлмөрийн ид насныхан эзэлж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38 зах үйл ажиллагаа явуулдагаас битүү зах 25, хагас битүү 9, задгай 4 захад нийт 9329 ажлын байр байдаг байна.



---оОо---