Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ “ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛОВ

“ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛОВ

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Дэмжих жилийн ажлын нээлтийг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа.
2012 оныг бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарах, идэвх санаачлагатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах, эдийн засгийн өсөлтийн үр шимийг шууд хүртэж чадахгүй байгаа өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачлага дээр тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэхэд дэмжих жилийн ажлуудыг чиглүүлнэ.  
Ингэхдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус хөдөлмөрийн чадвартай гишүүдийг нь байнгын ажлын байраар хангаж, амьжиргааны эх үүсвэртэй болгох нь чухал. Жилийн үйл ажиллагааны гол цөм нь иргэдийн идэвх санаачлагатай ажиллах, амьжиргаагаа өөд нь татах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулахад түлхүү анхаарах, залхуурлыг арилгах, амьдрах арга ухаанаа олоход ашиг тустай олон арга хэлбэрийг бий болгох, аймаг орон нутагт ажлын уялдаа, холбоог сайжруулах, хэчнээн өрхийн амьжиргаа дээшлэв гэдгээр засаг дарга нарын жилийн ажлыг дүгнэнэ. Тиймээс хариуцлагатай, санаачлагатай ажиллаж, явуулж буй үйл ажиллагаа, мэдээлэл, судалгаа, сурталчилгааны ажил олон нийтэд мэдэгдэхүйц, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллахыг шаардаж байгаа юм.
Дэмжих жилийн ажлын хүрээнд төрийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн уялдааг хангах, өрх гэр бүлд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх, өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд бага дунд орлоготой иргэдийг хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд бизнес эрхлэхэд нь зээлийн дэмжлэг үзүүлэх, салбар дундын мэдээллийн санг бүрдүүлэн түүнд тулгуурлан нийгмийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн санал санаачлагыг дэмжих, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлага, өрхийн ахуй амьдрал хэрхэн сайжирч байгаа талаар зорилтот цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж буй хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжиж ажиллахаар төлөвлөж байна.
“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтэнд НХХ-ийн сайд Т.Ганди, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр салбарын яамд, нийслэл, орон нутагт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар итгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Уг арга хэмжээнд салбарын яамд, аймаг, нийслэлийн 140 гаруй төлөөлөгч оролцож байна.



---оОо---