Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр орой 18 цагт хуралдаанаа үргэлжүүллээ. Хуралдаанаар МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт тавьсан албан шаардлагын талаар санал солилцох, хамтарсан ажлын хэсэг байгуулах, тэтгэврийн зөрүүг арилгах болон суурь тэтгэврийн хуулийн асуудал, эрүүл мэндийн даатгалын асуудал, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн биелэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр талууд тохиролцсон юм.
Хуралдаан дэгийнхээ дагуу ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж 2010-2011 оны улсын хэлэлцээрт тусгагдсан асуудлын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж танилцууллаа. Талууд 2010-2011 оны улсын хэлэлцээрт тусгагдсан асуудлуудын биелэлтийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, зарим ажлуудын хэрэгжилтэнд шүүмжлэлтэйгээр хандаж байлаа.
Өнгөрсөн хэлэлцээрт тусгагдсан асуудлуудаас огт хэрэгжээгүй зүйл заалт байхгүй бөгөөд хэрэгжих шатандаа яваа зарим асуудлыг 2012-2013 оны хэлэлцээрт тусгах нь зүйтэй гэж үзээд 2010-2012 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг биелэлтийг 82,8 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ.
Мөн энэхүү хуралдаанаар 2012-2013 оны улсын хэлэлцээрийг энэ оны 2 дугаар сарын 03-ны өдөр эхлүүлэхээр тогтож, талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан хэлэлцээрт тусгагдах асуудлуудыг урьдчилан боловсруулж холбогдох байгууллагуудын саналыг авч нэгтгэн хуралдааны бэлтгэлийг хангахаар болсон юм.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанд Монгол банк, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Үндэсний статистикийн хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын төлөөллүүд төгрөг, валютын ханш, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа болон авч хэрэгжүүлж буй ажлын талаар Үндэсний хорооны гишүүдэд нэгдсэн мэдээлэл хийж санал солилцлоо. Ингэснээр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргаад буй ажлын хэсгийнхий боловсруулж буй төгрөг валютын ханш, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмж гаргахад нэгдсэн ойлголттой байхад дэмжлэг үзүүлэх ажээ.
Үндэсний хороо маргааш буюу 2012 оны 1 дүгээр сарын 27-ны 18 цагаас дахин хуралдаж ажлын хэсгийн мэдээллийг сонсож, УИХ-ын зарим гишүүдтэй уулзалт хийхээр тогтлоо.
---оОо---


