НХХЯ-ны харьяа Сэргээн засалтын үндэсний төв нь Монгол улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн хамгааллын арга хэмжээнүүд, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг бодит амьдралд хүргэхэд үндсэн үйл ажилагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Тус төв НХХ-ийн сайдын 2006 оны 81 тоот тушаалаар байгуулагдсан бүтцийн хүрээнд Протез, сэргээн засалтын алба (15 ортой эмнэлгийн тасагтай), Сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх алба, Олон нийтийн хөгжлийн алба, Захиргаа аж ахуйн алба гэсэн үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сэргээн Засалтын Үндэсний төвийн эрхэм зорилго:
Сэргээн засалтын тусламж үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанартай, хүртээмжтэй хүргэх, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Үйл ажиллаганы үндсэн зорилт:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, нөхөн сэргээж эрүүлжүүлэх, протез-ортопедийн хэрэгслээр хангах үйлчилгээг чанарын өндөр түвшинд жигд, хүртээмжтэй, оновчтой хэлбэрээр хүргэх;
2. Чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх замаар үйлчилгээний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх;
3. Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, ажилчдын идэвхи, санаачлагыг дэмжих;
4. Сургалт, үйлчилгээний ажлыг үнэлэх чанарын тогтолцоог бий болгох;
5. Протез-ортопедийн хэрэгслээр хангах үйлчилгээг нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагаатай уялдуулан, боловсронгуй болгох;
Төв нь үйлчлүүлэгч төвтэй, хүний төлөө гэсэн чиглэлийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгож ажиллана
Бүтэц зохион байгуулалт
Нэг. Протез сэргээн засалтын алба
Тус алба нь 1966 онд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн дэргэд ажиллаж байсан шүдний протез үйлдвэрлэх тасгаас бие даасан “Протезийн үйлдвэр” болж байгуулагдсанаас хойш одоо 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 30000 орчим хүнд хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл үйлдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн байна.
Протезийн үйлдвэр нь ЭМЯ, Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, ЭМНХЯ, НХХЯ-ны харьяанд үйл ажиллагаагаа явуулж байсны дээр 1966-1989 он хүртэл бие даасан үйлдвэр, 1989-1997 он хүртэл Гэмтэл согогийн клиникийн эмнэлгийн Протезийн тасаг, 1997-1999 он хүртэл бие даасан үйлдвэр, 2000 оноос одоо хүртэл тус төвийн нэг бие даасан нэгжийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоёр. Сургалт мэргэжлийн зөвлөгөө өгөх алба
Тус алба Монгол улсын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 145 дугаар тогтоолоор тэр үеийн Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны дэргэд Тахир дутуу иргэдэд мэргэжил олгох “Байнгын курс” нэртэй байгуулагдсан нь өнөөдөр Монгол улсад тусгай мэргэжлийн боловсрол олгох алба үүсч хөгжих эхлэл тавигдсан юм.
Энэ алба өнгөрсөн хугацаанд 1976-1982 онд ХЦХУХ-ны дэргэдэх байнгын курс, 1982-1988 онд Мэргэжлийн тусгай сургууль, 1988-1991 Санхүү эдийн засгийн яамны дэргэдэх Мэргэжлийн тусгай сургууль, 1991-1996 онд Хөдөлмөрийн Яамны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, 1996-1999 онд ЭМНХЯ-ны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, 2000 оноос өнөөг хүртэл тус төвийн бие даасан нэгжийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж 3500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, хөдөлмөрийн дадлага олгож, хөдөлмөрийн зах зээлд шилжүүлсэн байна.
Тусгай сургалтын үйл ажиллагаа нь жирийн иргэдэд мэргэжил олгохоос өвөрмөц онцлогтой бөгөөд ХБИ-ийн байдалд үнэлгээ хийж, оношилж тэдний үлдэгдэл чадварт тулгуурлан тухайн бэрхшээл нь цаашид дордохгүй байх, улмаар сэргэх, сайжрах чиглэлээр хүн бүрийн онцлогт тохируулан уян хатан хэлбэрээр сургалт явуулж байна.
Гурав. Олон нийтийн хөгжлийн алба
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эерэг орчин бүрдүүлэх, тэдэнд нийгмийн зүгээс үзүүлэх тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус төвийн бүтцэд НХХ-ийн сайдын 2006 оны 81 тоот тушаалаар Олон нийтийн хөгжлийн албыг шинээр байгуулсан.
Уг алба нь ХБИ-тэй ажиллах арга зүйг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, ХБИ-ийн чиглэлээр судалгаа хийх, тэдэнд хууль эрх зүйн болон нийгмийн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх (АИФО байгууллагаас санхүүжиж байгaа “Тэгш дүүрэн” төслийн хэрэгжилтийг зохион байгуулах) үйл ажиллагаа болон төвийн гадаад харилцаа, олон нийтийн хамтын ажиллагааны асуудлыг эрхлэн ажиллаж байна
Дөрөв. Захиргаа аж ахуйн алба
Тус алба нь санхүү, төсөв хөрөнгийн хуваарилалт, зарцуулалт, аж ахуй, төвийн цахилгаан, дулаан, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, тээвэр, материал түүхий эдийн татан авалт, нөөц бэлтгэл болон ажилтнуудын аюулгүй ажиллагаа, ажлын орчин, хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэж байна.
Төвийн үндсэн үйл ажиллагаа
Монгол улсын хууль, тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан заалтууд, НХХ-ийн сайдтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд ХБИ-д тусгай арга зүйгээр мэргэжил олгох, хиймэл эрхтэн, сэргээн засах хэрэгсэл хийж өгөх, бие эрхтэнийг нь сэргээн засах замаар тэдний эрүүл энх амьдрах, хөдөлмөрлөх чадварыг нь сайжруулж, хамт олны дунд нийгэмшүүлэхэд төв үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Тус төв 2007 онд 1263 хүнд хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл хийж 50 сая төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, 460 өвчтөн хүлээн авч эмчлэн 4707 ор хоног ажиллаж, 93 хүнд дуудлагаар үйлчлэн, нийт 2800 орчим хүнд үзлэг хийж зөвлөгөө өгч, Улаанбаатар хотын тусгай сургуулиуд (29, 25, 55, 63, 70) төгссөн болон аймаг, хотын хөдөлмөрийн биржээс илгээсэн 104 ХБИ-ийг 9 мэргэжлээр элсүүлэн сургасны дээр “Ур чадвар олгох модуль” сургалт явуулж 117 хүнийг анхан шатны мэргэжил олгох болон арга зүй эзэмшүүлэх сургалтанд хамрууллаа.
ХБИ-д хандах нийгмийн хандлагыг өөрчлөх ажлын хүрээнд Италийн Засгийн газрын бус АИФО байгууллагын санхүүжилтээр хэрэгждэг ХБИ-ийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах “Тэгш дүүрэн” төслийг 8 дүүрэг, 15 аймагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, уг үйл ажиллагааны хүрээнд эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг ХБИ-тэй ажиллах мэргэжлийн болон анхан шатны сургалтанд хамруулж, ХБИ-д мэргэжил олгох, багш нийгмийн ажилтнуудад тусгай арга зүй эзэмшүүлэх, ХБИ-ийн Төрийн бус байгууллагын ажилтнуудыг чадавхижуулах, ХБИ-д аж ахуй эрхлэх зээл тусламж олгох, малжуулах, ХБИ-ийн эцэг эх, гэр бүлийг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулж 400 ХБИ, 110 мэргэжилтэнг сургаж бэлтгэлээ.
Таны мэдлэгт
1. Сургалтанд хэрхэн хамрагдах вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас, харъяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй элсүүлнэ. Суралцагчидад сар бүр 45000 төгрөгний тэтгэмж олгоно.
2. Элсэлтэнд ямар материал бүрдүүлэх вэ?
• Иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээ
• ЕБС болон бусад сургууль төгссөн бол гэрчилгээ, үнэмлэх, диплом, хувийн хэрэг
• Групп, халамжийн дэвтэр
• 2 хувь цээж зураг
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчтөний карт
3. Ямар чиглэлээр мэргэжлийн сургалт явуулдаг вэ?
• Компьютерийн операторч, түргэн бичиг
• Тогооч
• Талх нарийн боов
• Цэцэгчин-ногоочин
• Гоо-засл, массаж
• Оёдолчин
• Мужаан
• Гар урлал
4. Тархины саа өвчин юунаас болж үүсдэг вэ?
• Тархины саатай хүүхэд бүрийн тархины гэмтэл нь өөр өөр байдаг. Үүний шалтгааныг мэргэжлийн эмч нар л олж өгнө.
Төрөхийн өмнөх шалтгаанууд:
• Эх нь жирэмсэн байх үедээ халдвар авах, тухайлбал: улаан бурхан гэх мэт
• Эх, хүүхдийн цусны хүчин зүйлийн үл зохицолдолгоо
• Эхийн эрүүл мэндийн байдал, тухайлбал чихрийн шижин, жирэмсний хордлоготой байх
• Удамшил: Энэ нь ховор тохиолдол боловч гэр бүлийн дотор хэд хэдэн хүүхэд ийм өвчтэй гарах явдал байдаг. Үүний шалтгааныг одоохондоо нотлоогүй байгаа.
Төрөх үеийн шалтгаанууд:
• Төрөх үед хүчилтөрөгч дутагдах: Төрөх хүчний сулралаас ч юмуу эхийн хэвлий дэх судас нь хэт нарийсч, хүүхэд хангалттай хүчилтөрөгч авч чадалгүй төрөхдөө хөхөрч, гар хөл нь сулбагар төрдөг.
• Төрөлтийн хүндрэл: Энэ нь ихэвчлэн жижиг биетэй юмуу эсвэл залуу эхээс жин ихтэй хүүхэд төрөхдөө тархинд нь гэмтэл үүссэнээс үүддэг.
• Дутуу төрөлт: Хүүхэд 9 сараасаа өмнө, жин нь 2 кг хүрэхгүй төрөх нь ихэнхдээ тархины саатай болох магадлал болдог.
Төрсний дараах шалтгаанууд:
• Шингэх алдах (суулгаснаас болж шингэн алдах) юмуу халдвараас болж өндөр халуурах
• Тархины халдварт үрэвсэл (менингит, энцефалит)
• Тархины гэмтэл
• Тариалангийн талбайд цацсан хорт хүчин зүйлээс хордох
• Тархины хавдар
5. Тархины саа халдвартай юу?
Үгүй.
6. Тархины саатай хүмүүс гэрлэж, хүүхэдтэй болж чадах уу ?
Чадна. Тархины саа үүсгэх шалтгаан нь онцгой ховор тохиолдол биш л бол гэр бүл болж чадна.
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ямар хүнийг хэлэх вэ?
• Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Нийгмийн Хамгааллын тухай хуулийн 3.1-д зааснаар: бие мах бодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” хүн гэнэ.
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд протез хийлгэхэд хөнгөлөлтийг ямар давтамжтай үзүүлэх вэ?
• Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Нийгмийн Хамгааллын тухай хуулийн 5.1.2-т зааснаар: 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутамд нэг удаа, мөн хуулийн 5.1.3-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез сэргээн засалтын хөнгөлөлт авдаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 5 жил тутамд нэг удаа 100 хувь нөхөн олгоно.
9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөөнөөс хотод ирж эмчилгээ хийлгэхэд хөнгөлөлт үзүүлдэг үү?
• Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Нийгмийн Хамгааллын тухай хуулийн 5.1.9-д зааснаар: нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн аймгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчилгээ, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно.
10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд түлээ нүүрс авахад тусламж үзүүлдэг үү?
• Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгодог.
11. Нийгмйин халамжийн тэтгэврийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж авах вэ?
• 16 насанд хүрсэн одой иргэн авах эрхтэй
• Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн авах эрхтэй


