НХХ-ийн сайд, ЗТБХБ-ын сайд,
ЭБЭХ-ний сайдын 2010 оны
76 /177 / 131 тоот хамтарсан
тушаалын 1 дүгээр хавсралт
УУЛ УУРХАЙ, ЗАМ БАРИЛГЫН САЛБАРТ
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ
ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХ СУРГАЛТЫН
ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Уул уурхай, зам, барилгын салбарын өсөлт нэмэгдэн тэр хирээр Монгол Улсын эдийн засагт эзлэх байр суурь нь өргөжиж байна. Гэтэл эдгээр салбарт мэргэжилтэй ажилчид дутагдаж байна. Эдгээр салбарын ажиллах хүчний хэрэгцээг гадаадаас мэргэжилтэй ажилчид авах замаар хангаж ирлээ. Тухайлбал, 2009 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл албан ёсоор авсан гадаадын иргэний 40.7 хувь нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлд, 17.4 хувь нь барилга, тээвэр холбооны салбарт ажилласан байна.
Уул уурхай, барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтын хөтөлбөр, сургалтад ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, багш нарын мэдлэг ур чадвар өнөөгийн технологийн шаардлагаас хоцрогдсон, суралцагчдын дадлагын бааз муу, хугацаа богино, төгсөөд очих ажлын байрнаасаа хөндий байгаа зэрэг нь эдгээр салбарт дутагдаж байгаа мэргэжлийн ажилчдыг дотооддоо бэлтгэхэд тулгарч буй гол бэрхшээл болж байна. Иймд уул уурхай, зам, барилгын үндсэн мэргэжлийн ажилчдыг бэлтгэхэд хувийн хэвшлийг идэвхтэй оролцуулж, шаардагдаж буй мэргэжлийн ажилчдыг ажлын байранд буюу үйлдвэрлэл дээр сургаж, тухайн аж ахуйн нэгжид нь тогтвортой ажиллуулах замаар мэргэжил, ур чадвартай ажилтны хомсдлоос гарах явдал чухал байна.
Энэ зорилгоор уул уурхай, зам, барилгын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийг ашиглан тэнд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, мэргэжил, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх замаар ажил олгогч болон ажилтны тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэл дээрх сургалтын хэлбэрийг туршин нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрлэл, ажлын байранд дотоодын мэргэжилтэй ажилчид бэлтгэх замаар зам, барилга, уул уурхайн салбарын үндсэн мэргэжлийн ажилтны хэрэгцээг хангаж, эдгээр салбарт гадаадын ажиллах хүчний эрэлтийг бууруулахад оршино.
2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хөтөлбөрийн зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба, Хөдөлмөрийн төв бирж, барилга, зам, уул уурхайн салбарын сонгогдсон аж ахуйн нэгж, үйлдвэрлэл дээр суралцагч оролцоно.
2.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцогч байгууллагууд дараах үүрэг хүлээнэ.
2.3.1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам дараах үүрэг хүлээнэ.
2.3.1.1. Салбарын яамнаас ирүүлсэн мэргэжилтэй ажилчдын захиалгыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв биржид хүргүүлж, үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөрт оролцох аж ахуйн нэгжүүдийг сонгох, сургах ажилчдын тоог аж ахуйн нэгж бүрээр тогтооход дэмжлэг үзүүлэх;
2.3.1.2. Сургалтын хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг ХЭДС-ийн төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд сургалтын хөтөлбөрт зориулан сангаас гаргах нийт хөрөнгийн 10-аас доошгүй хувийг хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, зар сурталчилгаа бүртгэл мэдээлэл болон аж ахуйн нэгжийн сургалтын чадавхийг дэмжихэд зарцуулна;
2.3.1.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулахад туслалцаа үзүүлэх;
2.3.1.4. Холбогдох бусад үүрэг.
2.3.2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам дараах үүрэг хүлээнэ.
2.3.2.1. Өөрийн салбарт шаардагдах мэргэжилтэй ажилтны хэрэгцээг тодорхойлж, салбарын хэмжээнд үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэх ажилтны тухайн жилийн захиалга, үйлдвэрлэл дээр сургалтын байгууллагын хүчин чадлын судалгааг гаргаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд өгөх;
2.3.2.2. Сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэгдсэн мэргэжлийн ажилтныг авч тогтвортой ажиллуулах талаар салбарын аж ахуйн нэгжүүдэд удирдамж, чиглэл өгөх;
2.3.2.3. Үйлдвэрлэл дээрх сургалтын явц, чанарт хяналт тавих, мэргэжлийн ур чадварын шаардлагыг тодорхойлох, түүнийг эзэмшсэн байдлыг шалгаж баталгаажуулахад оролцох, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, эсвэл хариуцах байгууллагыг томилж, ажиллуулах;
2.3.2.4. Үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэгдсэн ажилтныг ажлын байраар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ажил олгогчдын болон мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах;
2.3.2.5. Үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөрийг удирдахад оролцох;
2.3.2.6. Холбогдох бусад үүрэг.
2.3.3. Хөтөлбөрийн зохицуулах зөвлөл дараах үүрэг хүлээнэ.
2.3.3.1. Хөтөлбөрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, 2.3.1.2-т тусгагдсан хөрөнгийг захиран зарцуулах болон бусад холбогдох шийдвэрийг гаргах;
2.3.3.2. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгжид сургах хүний тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэн тогтоож, шийдвэр гаргах;
2.3.3.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, холбогдох сайд нарт танилцуулах;
2.3.3.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг хийлгэх
2.3.4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар дараах үүрэг хүлээнэ.
2.3.4.1. Хөтөлбөрийн 6 дугаар зүйлд заасан санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулах;
2.3.4.2. Үйлдвэрлэл дээрх сургалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжид аймаг орон нутгийн Хөдөлмөр эрхлэлтийн албадаар дүгнэлт гаргуулан хамруулж, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт тавиулах;
2.3.4.3. Үйлдвэрлэл дээрх сургалтын чанар, үр нөлөө аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн албанд бүртгэлтэй иргэдийг хамруулах, зориулагдсан санхүүжилтийг зохистой зарцуулах талаар аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийх;
2.3.4.4. Үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэгдсэн ажилтны мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж тогтоох, баталгаажуулах;
2.3.4.5. Үйлдвэрлэл дээрх сургалтын талаар ажил олгогч болон ажилтанд зарлан мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулах;
2.3.4.6. Холбогдох бусад үүрэг.
2.3.5. Хөдөлмөрийн төв бирж дараах үүрэг хүлээнэ.
2.3.5.1. Үйлдвэрлэл дээрх сургалтаар ажилтан бэлтгэж авах эрэлтийн судалгааг улсын хэмжээнд явуулж, мэргэжлийн чиглэл бүрээр шаардлагатай ажилтны тоог тодорхойлох;
2.3.5.2. Үйлдвэрлэл дээрх сургалтаар ажилтан бэлтгэж авах аж ахуйн нэгжүүдэд суралцуулах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг мэргэжлийн чиглэл бүрээр гаргаж, Хөтөлбөрийн зохицуулах зөвлөлд танилцуулах;
2.3.5.3. Үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдаж ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж, аж ахуйн нэгжид зуучлах;
2.3.5.4. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгжүүдийг бүртгэн авч, ажлын байраар хангаж буйд хяналт тавих;
2.3.5.5. Үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдаж, ажилд орсон иргэдийн талаарх бүртгэл, мэдээллийг гаргах, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн сүлжээнд оруулах.
2.3.6. Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба дараах үүрэг хүлээнэ.
2.3.6.1. Үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөрийн талаар аж ахуйн нэгжид мэдээлэх;
2.3.6.2. Аж ахуйн нэгжүүдийг бүртгэн үйлдвэрлэл дээрх сургалт явуулах боломжтой эсэхэд дүгнэлт гаргаж, хөтөлбөрийн 3.4.1-т заасан ажлын хэсэгт танилцуулах;
2.3.6.3. Үйлдвэрлэл дээрх сургалтанд сургах ажилчдын тоог аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн чиглэл бүрээр тогтооход дэмжлэг үзүүлэх;
2.3.6.4. Үйлдвэрлэл дээрх сургалтын модульд суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрээр шинээр боловсруулж, сонгогдсон аж ахуйн нэгжид арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.3.6.5. Үйлдвэрлэл дээрх сургалтын явц, чанарт хяналт тавихад оролцож, мэргэжлийн ур чадварын туслалцаа үзүүлэх, хөтөлбөрийг удирдахад оролцох, сургалтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих;
2.3.6.6. Сургалтын менежер, мастер болон сургагч багш нарыг чадавхижуулах, заах арга зүйн сургалтад хамруулах шалгагч багш нэрыг бэлтгэх сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, зардлыг сургалтын хөтөлбөрт төлөвлөсөн хөрөнгөөс гаргуулах ;
2.3.6.7. Үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэгдсэн ажилчдын мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж тогтоох, баталгаажуулахад оролцох;
2.3.6.8. Үйлдвэрлэл дээрх сургалтын талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулахад оролцох.
2.3.7. Сонгогдсон аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ.
2.3.7.1. Сургалтад хамрагдах суралцагч бүртэй сургалтын гэрээ байгуулж, суралцах орчин нөхцлийг бүрдүүлж гэрээнд заасны дагуу суралцагчид зориулагдсан зардлыг олгоно;
2.3.7.2. Суралцагчийг үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд холбогдох дүрэм, журам стандартын дагуу сургалтын болон дадлагын ажилд оролцуулах;
2.3.7.3. Онолын хичээлийг мэргэжлийн багшаар заалгах, онолын хичээлийн танхимыг өөрийн үйлдвэр дээр байгуулах, эсхүл мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах;
2.3.7.4. Суралцагчийг өөрийн үйлдвэрийн сул чөлөөтэй ажлын байранд ажиллуулах болон бусад ижил төстэй үйлдвэрт ажилд ороход нь туслах;
2.3.7.5. Сургалтын явц, суралцагчийн ирц, идэвхийн талаар мэдээлэл бэлтгэж сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, салбарын яамны сургалт хариуцсан байгуууллагад ирүүлэх;
2.3.7.6. Үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдаж байгаа иргэний бичиг баримтын бүрдэлтийг хангасан байна;
2.3.7.7. Гэрээгээр хүлээсэн холбогдох бусад үүрэг.
2.3.8. Үйлдвэрлэл дээр суралцагч дараах үүрэг хүлээнэ.
2.3.8.1. Сургалтын хөтөлбөрийг бүрэн дуусгаж, эзэмшвэл зохих мэргэжлийн ур чадварыг эзэмшихийн төлөө өөрийгөө дайчлах;
2.3.8.2. Сургалтын хөтөлбөр дууссаны дараа мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад заавал орох;
2.3.8.3. Суралцаж байх хугацаандаа үйлдвэрийн горим, дэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, холбогдох бусад дүрэм, журмыг чанд сахих;
2.3.8.4. Хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын хөтөлбөрийг орхисон бол сургалтын төлбөрөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх;
2.3.8.5. Холбогдох бусад үүрэг.
ГУРАВ. ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХ СУРГАЛТЫН
ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
3.1. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам түүний төлөөллийн байгууллагууд нь өөрийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тухайн жилд шаардагдах мэргэжилтэй ажилчдын хэрэгцээг мэргэжлийн ур чадварын түвшингээр тодорхойлж, үүнээс үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэх ажилтны захиалгыг гаргаж НХХЯ, ХХҮГ-нд ирүүлнэ.
3.2. Зам, барилга, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс мэргэжилтэй ажилтны хэрэгцээ болон үйлдвэрлэл дээрх сургалтын захиалга авахдаа гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгжүүдийг түлхүү хамруулах зарчим баримтлана.
3.3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэх ажилчдын захиалга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх нэг суралцагчид ногдох үйлдвэрлэл дээрх сургалтын зардлын дээд хэмжээг мэргэжлийн ялгавартайгаар тогтоосон хэмжээ”-г үндэслэн үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөрийн тухайн жилийн төсөвт зардлыг тооцно.
3.4. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах аж ахуйн нэгжийг сонгох:
3.4.1. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах аж ахуйн нэгжийг яамдын сургалт хариуцсан байгууллагуудын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг сонгож, хөтөлбөрийн зохицуулах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.4.2. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах аж ахуйн нэгжийг дараах шалгуураар сонгоно.
3.4.2.1. Сургалтын зориулалтаар тоноглогдсон онолын хичээлийн танхим, эсхүл мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ;
3.4.2.2. Суралцагч үйлдвэрлэл дээр мэргэжлийн ур чадвар эзэмших боломж /дадлагын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн цех, талбайн багтаамж, ажлын ачаалал, онолын болон дагалдуулан сургах өндөр мэргэжил, ур чадвар бүхий ажилчин буюу багш сургагчийн нөөц г.м/;
3.4.2.3. Сургалтыг удирдан зохион байгуулах, хяналт тавих хүний нөөцийн хангамж, хүрэлцээ /Сургалтын менежер, мастер болон сургагч багш г.м/;
3.4.2.4. Хэрэглэж байгаа техник, технологийн түвшин /техник, технологи нь орчин үеийн байх, инноваци байнга хийгддэг байх г.м/.
3.5. Ажлын хэсэг нь дээрх шалгуураар сонгогдсон аж ахуйн нэгжүүдийн сургалтын хүчин чадлыг үнэлж, тухайн жилд сургах боломжтой хүний тоог мэргэжлийн ур чадвар бүрээр тогтооно. Ажлын хэсгийн үнэлгээ, тухайн жилд сургах боломжтой хүний тоог үндэслэн Зохицуулах зөвлөлийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар сонгогдсон аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.
3.6. Сонгогдсон аж ахуйн нэгжийн сургалтын хүчин чадал байгуулсан гэрээнээс илүү байгаа тохиолдолд аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн захиалга, санхүүжилтээр нэмэлт сургалт зохион байгуулж болно.
ДӨРӨВ. ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
4.1. Сургалтын агуулга ба бүтэц
4.1.1. Үйлдвэрлэл дээрх сургалт нь хэрэгцээнд /чадамжид/ суурилсан хэлбэрээр явагдана. Сургалтын агуулга нь онол-дадлагын зохистой харьцааг хангаж, суралцагчид үйлдвэрлэл дээр буюу ажлын байранд дагалдан суралцах боломжийг олгосон байна.
4.1.2. Сургалтын агуулга, хөтөлбөрт тавигдах шаардлага
4.1.2.1. Аж ахуйн нэгжүүдийн захиалсан мэргэжлийн ур чадварын шаардлагад нийцсэн байх;
4.1.2.2. Сургалтын үргэлжлэх хугацаа 3 сараас доошгүй, сургалтын хөтөлбөр нягт нямбай боловсруулагдсан байх;
4.1.2.3. Захиалсан мэргэжил, ур чадварыг үе шатаар эзэмшүүлэх сургалтын модуль боловсруулж ашиглах;
4.1.2.4. Сургалтын модуль бүрийн эцэст суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлэх сорил, гүйцэтгэх ажлын даалгаврыг боловсруулсан байх;
4.1.2.5. Сургалтын хугацаанд үйлдвэрлэлийн дэг, горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, дүрмийг мөрдүүлж хэвшсэн байх.
4.2. Сонгогдсон аж ахуйн нэгж нь дээрх шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө боловсруулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон салбарын төлөөлөл бүхий үйлдвэрлэл дээрх сургалтын зөвлөлөөр батлуулсны дараа сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд захиалагч болон сонгогдсон аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулна.
ТАВ. СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ
5.1. Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд салбарын яамнаас ирүүлсэн захиалгын дагуу үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй байгаа ажилгүй иргэнийг энэ сургалтанд хамруулахыг дэмжинэ.
5.2. Үйлдвэрлэл дээр суралцагч нь тухайн мэргэжил, ур чадварт хамаарах онолын хичээлийг үзэж, үйлдвэрлэл дээр дадлагын ажил хийнэ.
5.3. Үйлдвэрлэл дээр суралцагчийн дадлагын ажил нь сонгогдсон аж ахуйн нэгжийн сургалт, хариуцсан менежер, мастер болон сургагч багшийн удирдлага, хяналт дор явагдана. Суралцагч бүр “Суралцагчийн дэвтэртэй” байна. Сонгогдсон аж ахуйн нэгж суралцагчийг дэвтэр, сургалтын хөтөлбөрөөр хангана.
5.4. Үйлдвэрлэл дээрх сургалтын агуулга, заах арга зүй болон сургалтын явцын үнэлгээ нь стандартын дагуу явагдаж буй эсэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, салбарын яамны сургалт хариуцсан байгууллага, захиалагч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хяналт тавина.
5.5. Үйлдвэрлэл дээр суралцагч сургалтын хөтөлбөрийг бүрэн дууссаны дараа мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад заавал орно. Шалгалтанд тэнцсэн суралцагчид мэргэжлийн зэрэг, түүнийг баталгаажуулсан гэрчилгээ олгоно. Шалгалтанд тэнцээгүй суралцагчийг 14 хүртэл хоног үйлдвэрлэл дээр давтан сургасны дараа дахин 1 удаа шалгалтанд оруулж болно.
ЗУРГАА. СУРГАЛТЫН САНХҮҮЖИЛТ
6.1. Үйлдвэрлэл дээрх сургалтаар олгох мэргэжлийн чиглэл Үйлдвэрлэл дээрх сургалтад захиалгын дагуу хамрагдах суралцагчийн зардал болон сургалтын хугацааны унаа, хоолны зардлын 50 хүртэл хувийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх мэргэжлийн болон давтан сургалтын нэг суралцагчид ногдох зардлын дээд хэмжээ”-г үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно.
| Салбар | Мэргэжлийн чиглэл |
| Барилга | Барилгын өнгөлгөө, засал чимэглэл /хуурай хийцийн угсрагч, плитачин, будагчин/ |
| Барилгын мужаан | |
| Барилгын өрөг угсрагч | |
| Барилгын сантехникийн засвар, гагнуур | |
| Барилгын цахилгаан /монтаж/ | |
| Барилгын ган ба төмөр бетон хийц угсралт, ашиглалт | |
| Барилгын салхивч агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсрагч | |
| БМҮ-ийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт | |
| БМҮ-ийн тоног төхөөрөмжийн оператор | |
| Цахилгаан , хийн гагнуур | |
| Өндрийн угсралт | |
| Жижиг самбартай хэвний угсралт | |
| Том самбартай хэвний угсралт | |
| Бүрэн цутгамал барилгын ган ба төмөр бетон хийц угсралт, | |
| БМҮ-ийн бетон арматурчин, хөнгөн бетоны орераторчин | |
| Бутлан ангилагч тоног төхөөрөмжийн машинист | |
| Бетон хольц зуурагч болон хэвлэгч машинист | |
| Цементийн эргэх зуух, зуухны машинист | |
| Туузан дамжлагын оператор, хэв угсрагч оператор | |
| Шохойн босоо зуухны доторлогоочин, машинист, тоосго шатаах зуухны машинист | |
| Бусад | |
| Уул уурхай | хүнд машин механизмын оператор, машинист |
| Уул уурхайн үйлдвэрийн ажилтан | |
| Хүнд машин механизмын жолооч,мехатроникч, цахилгаанчин | |
| Уул уурхайн хүнд машин механизмын засварчин | |
| Баяжуулагч, бутлуурчин, ган хайлагч, хэвчин, тэсэлгээчин, нэвтрэгч | |
| Коксжсон болон шахмал түлшний галч, савлагч ачигч | |
| Бусад | |
| Зам | Зам засвар үйлчилгээний ажилтан |
| Бетон арматурчин | |
| Замчин, туслах ажилчин | |
| Гагнуурчин | |
| Цахилгаанчин | |
| Эксковаторчин | |
| Бульдозерчин | |
| Автогрейдерчин | |
| Индүүчин | |
| Асфальт дэвсэгчийн оператор | |
| Авто ачигчийн жолооч | |
| Кранист | |
| Өөрөө буулгагч машины жолооч | |
| Замын машин механизмын засварчин | |
| Лаборант, Геодезийн туслах ажилчин | |
| Асфальто бетон завод, чулуу бутлуурын оператор | |
| Төмөр замын замчин Өртөөний жижүүр найруулагч Вагон үзэгч засварчин |
|
| Бусад |
Сургалтын санхүүжилтийг хийх үе шат
| Сургалтын үе шат | Санхүүжилт |
| Сургалт эхлэхэд | 50% |
| Сургалтын явцад | 35% |
| Суралцагч сургалтын хөтөлбөрийг бүрэн дуусч мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад орсны дараа | 15% |
6.2. Суралцагч мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцээгүй тохиолдолд сургалтын нийт зардлын 15 хувийг өөрөө хариуцана.
ДОЛОО. ТӨГСӨГЧИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ
7.1. Сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн төгсөгчийг ажлын байраар хангах үүргийг салбарын яам, захиалагч аж ахуйн нэгж хүлээнэ.
7.2. Үйлдвэрлэл дээрх сургалтаар ажилчин бэлтгэх захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд уг сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн төгсөгчийг захиалгын дагуу ажлын байраар хангана. Төгсөгчийг ажлын байраар хангаагүй аж ахуйн нэгж уг төгсөгчийн сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх үүрэг хүлээнэ. Уг аж ахуйн нэгжийг цаашид хөтөлбөрт хамруулахгүй байх зэрэг арга хэмжээг авч болно.
7.3. Суралцагчийг үйлдвэрлэл дээр сургалтанд хамрагдаж байх хугацаанд нь дагалдангийн цалин хөлсийг захиалагч аж ахуйн нэгж олгоно.
7.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу ХЭА-д бүртгэлтэй ажилгүй иргэнийг үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэн 6 сараас доошгүй хугацаагаар тогтвортой ажиллуулж байгаа ажил олгогчдод тухайн ажилтанд эхний 6 сарын хугацаанд олгосон цалин, хөлсний 60 хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно. хасах
НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ҮР ДҮН
8.1. Хөтөлбөрийг 2012 оны 4 дүгээр сар хүртэл туршилтын журмаар хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг Хөтөлбөрийн зохицуулах зөвлөл хариуцах бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнд салбарын яамд, мэргэжлийн холбоод, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагын төлөөлөл орно. Хөтөлбөрийн хэрэгжилтэд салбарын яамдын оролцоотойгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
8.2. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.
8.2.1. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах аж ахуйн нэгжүүдийн сургалтын чадавхи дээшилсэн байна.
8.2.2. Жилд 3500 хүртэл ажилтан зам, барилга, уул уурхайн салбар захиалгат мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн буюу ур чадварын түвшингээ ахиулсан байна.
8.2.3. Үйлдвэрлэл дээрх сургалтаар төгсөгчдийн 90-аас доошгүй хувь нь мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцэж 80-аас доошгүй хувь нь тухайн салбартаа ажлын байраар хангагдсан байна.
8.2.4. Барилга, зам, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн гадаадаас авах ажиллах хүчний эзлэх хувийн жин буурсан байна.
8.3. Хэрэгжилтийн явцыг хянах хуваарь, үнэлгээ өгөх зааварчилгыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, салбарын яамдын сургалт хариуцсан холбогдох байгууллагууд хамтран боловсруулан баталж, сар тутам холбогдох мэдээ, тайланг нэгтгэн авна.
8.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд дараах шалгуур үзүүлэлтийг ашиглана.
8.4.1. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тоо.
8.4.2. Үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдсан хүний тоо, тэдгээрээс байнгын ажлын байртай болсон иргэдийн тоо.
8.4.3. Үйлдвэрлэл дээрх сургалтаар мэргэжлийн зэрэг авсан, мэргэжлийн зэргээ ахиулсан төгсөгчийн тоо.
8.4.4. Үйлдвэрлэл дээрх сургалтаар төгсөгчийг 6 сараас доошгүй хугацаагаар тогтвортой ажиллуулж ХЭДС-гаас урамшуулал авсан аж ахуйн нэгжийн тоо, тэдэнд олгосон урамшууллын хэмжээ.
8.4.5. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтны тоонд гадаадын ажилчдын эзлэх хувийн жин.
----------------------ОоО---------------------
НХХ-ийн сайд, ЗТБХБ-ын сайд,
ЭБЭХ-ний сайдын 2010 оны
76 /177 / 131 тоот хамтарсан
тушаалын 2 дугаар хавсралт
УУЛ УУРХАЙ, ЗАМ БАРИЛГЫН САЛБАРТ МЭРГЭЖИЛТЭЙ
АЖИЛЧИН БЭЛТГЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХ СУРГАЛТЫН
ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАХ
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга:
Д.Нямхүү Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
Гишүүд:
Д.Хүрэлбаатар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга
Ж.Бат-Эрдэнэ Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Т.Энхтуяа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Ч.Цогтбаатар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын орлогч дарга
Б.Алимаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга
Д.Баярсайхан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Ё.Бадраа Барилгын сургалт, судалгаа, хөрөнгө оруулалтын албаны дарга
Д.Батмөнх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга
Х.Амгаланбаатар МҮЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгч
Д.Нармандах МАОЭНХ-ны Хөдөлмөрийн харилцааны албаны дарга
Т.Бямбаа Монголын авто замчдын холбооны тэргүүн
М.Батбаатар Барилгачдын холбооны ерөнхийлөгч
Ц.Алгаа Уул уурхайн ассиоцацийн гүйцэтгэх захирал
Нарийн бичгийн дарга
Д.Хадхүү Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах Мэргэжилтэн


